монголын мэдээ

монголын мэдээ

БНМАУ-ын Анхны Үндсэн хуулийн товчлол

1 дүгээр бүлэг. Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь:

Нэг дүгээр зүйл: Бүх монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагаваас зохимой.

Хоёр дугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт болбаас, хуучны эзэрхэг харгисын ёс сурталын үлдэгдлийг үндсээр устгаж , улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлмой.

Гурав дугаар зүйл: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгүүлэх явдлыг хүндэтгэх ба, дээр дурьдсан ёсоор улсын үндсийг бататгахад гол болгон явуулбаас зохих зүйлүүд нь:

БНМАУ-ын хязгаарын дотор бүх газар ба, уурхай хийгээд ой мод усны ба, мөн тэдгээрийн баялагууд болбаас, эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан суртал нь чухам эдүгээгийн ард улсын ёсонд нийлэлцэх тул, энэхүү хөрөнгө бүрэн ардын мэдэлд байваас зохих бөгөөд, энэ тухай хувийн өмч байгуулж үл болмой. Монголын улсын арван нэгдүгээр оны хувсгалаас цааш монголын эрх баригчдын гадаад лугаа тогтоосон гар бичгүүд ба, мөнгө зээлдсэн зүйлүүд болбаас, гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул, цөмийг устгасанд тооцмой. Дотоод гадаадын эзэрхэг харгисийн үеэс эхлэн зарим нэгэн хүн ба, албаны газраас олны хөрөнгийг зааж гадаадын эзэрхэг шунахай нар лугаа хуйвилдан байгуулсан өр шир болбаас, улсын ба, ард олны аж ахуйд маш хорлолтой болох учир нь арван дөрөвдүгээр онд, ардын засгийн газрын тогтоосон ёсоор эл өрийн үлдэгдлийг бүрэн төлүүлэхийг хэрэгсэхгүй болгон устгаж, басхүү арван нэгдүгээр онд засгийн газрыг тогтоосон ёсоор аль нэгэн этгээдийн байгуулсан өрийг ард олонд халдаан төлүүлэх сурталыг устгасан явдлыг батлав. Улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухал болгон, тус улсаас эрхлэн удирдах ба, басхүү гадаад лугаа харилцах худалдааны улсын онц эрх болгон авах нь, ардын эрхийг мандуулах, мөн ардын эрхэт засгийг бататгахад чухал нөхцөл тул, цөм улсаас эрхэлбээс зохимой. Үүнд тайлбарлах нь: гадаад улс лугаа харилцах худалдааг улсын онц эрх болгон авах явдлыг зүй зохисыг үзэж гүйцэтгэвээс зохимой. Жинхэнэ ард түмний эрх чөлөөг бүрэн бүтнээр хамгаалах ба, басхүү гадаад дотоодын харгис шунахай нарын эрх мэдэлдээ хөгжих замыг таслан сэргийлэхийн тулд, ардын хувсгалт цэргийг байгуулахаас гадна бүх улсын идэр залуу ардыг цэргийн эрдэмд боловсруулаваас зохимой. Тус улсын харъяат аливаа хүний шүтэх итгэх явдалд бүрэн эрх чөлөө олгохын тулд, шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байлгаж, шашин шүтлэгийн явдлыг өөр өөрийн доор шүшгээр болговоос зохимой. Элдэв хэргийг жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж, тус улсаас аливаа хэвлэх нийтлэх явдлыг бүртгэн гүйцэтгүүлэвээс зохимой. Жинхэнэ ард түмний нийтээр хуралдах цэнгэлдэх ба баяр ёслол үйлдэх явдлыг хүндэтгэж тус улсаас тэдний хэрэглэх орон байшин элдэв хэрэглэл зэргийг бэлтгэн гүйцэтгүүлбээс зохимой. Жинхэнэ олон ардын аливаа эвлэл хоршоо зэргийг байгуулах эрх чөлөөг хүндэтгэж эл явдалд тус улсаас элдэв тусламж үзүүлбээс зохимой. Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрэн үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгүүлэвээс зохимой. Тус улсын харъяат ард түмэнд угсаа шашин эрэгтэй эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбээс зохимой. Тус улсын олон ардын эрх ашгийг хүндэтгэн хамгаалахын тулд хэрвээ аль нэгэн хүн буюу, хэсэг этгээд нар өөрийн эрхийг улсын явдалд хортойгоор хэрэглэх аваас, тэд нарын эрхийг хязгаарлах буюу устгаваас зохимой. Ван гүн тайж нарын хэргэм зэрэг, аливаа хутагт хувилгаадын захирах тушаах ба, ардын хөрөнгөнд холбогдох эрхийг устгаваас зохимой. Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь, эдүгээгийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журам ба, эв хамтын ёс журмыг эрхэмлэх тул, бидний жинхэнэ ард улсаас, гадаад лугаа харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба, хувьсгалт ард түмний ашиг тус үндэсний зорилго лугаа нийлүүлэн явуулбаас зохимой.

https://mn.wikipedia.org/

монголын мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Scroll to top